2018-06-09
Хяруу унахаас өмнө ээж дээ очоорой
 

Алсад уулсын оройд манан сууж
Алгуур шарлах навчис нэг хоёроор унаж
Аясын салхинд жавар хургаад           

Алаг дэлхийтэй өвөл айлсан буугаад
Ирж явсан цаг буцаж нэг одоод
Ижил олон шувууд цэл татан нүүдэллэж
Ижийдээ очисон үрс шувуу даган буцахад
Бидэр судалтай сарыг хэц давуулан харуулдаж
Бүрий цагаан гэгээнээр цай дээжилэн өргөхдөө
Сэтгэлийн жигүүр нь саахалт дамнан гүйж
Сэрүүн намар тэрлэг жиндүүлэн зогсоо ижий дээ нэг очоорой
Нүд нь аргаж хоолой сөөнгөтөөд
Нэг л их гуниг хорвоог нөмрөөд
Нүүдэллэх шувуудын тоо хоног хоногоор цөөр ч
Нэг л мэдэхэд өвөл болоод
Орчлон юмсаа ариусгах гэсэн шиг
Онгон цагаан цасанд нар хүртэл дарагдаж
Оройгүй цэнхэр тэнгэрийн үүл сүүдрээ нуун хөвсийж
Одоо л ирэх болов уу гэж
Өглөөний жавар үдшийн хялмайнаас хамгаалан
Өргөсөн сүүний тань дээжийг жавар хөөн дэгдэхэд
Өөрөө ч мэдэлгүй санаа алдах ээжийн тань сэтгэлд
Өөдөөс нь чиглэн инээсээр ирэх хүүгий нь дүр тодор ч
Хар аяандаа мэлмэрэх баярын гомдлын нулимс нь
Хацарт нь хүрэлгүй энгэрт шингэж
Санахын эрхэнд бурхан мэт тахиасан хүү нь
Саравчинлан харахад нь үүлэн дунд тодроход
Салхины аясаар бодолоо сарниаж
Сажилсаар гэртээ орох ижийдээ нэг очоорой


Бичсэн: Боронзон бийрний гудамж | цаг: 22:57 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax